Боловсролын тэгш боломж гэж юу вэ, яагаад ач холбогдолтой вэ?

Suurig
5 min readApr 11, 2020

--

Өнөөдөр ардчиллыг тулгуур тогтолцоо болгон явдаг улс орнуудын хувьд нийтлэг зарчим нь боловсролын тэгш хүртэх эрх, тэгш боломж мөн. Харин яагаад ардчилсан нийгмийг бүрдүүлэхэд боловсролын тэгш боломж эрх чухал вэ гэдгийг ухаж үзвэл энэ нь төрийн гол эрхийг эзэмших иргэн хүн олон нийтийн асуудалд шийдвэр гаргахад шаардлагатай мэдлэг чадварыг тэнцүү өндөр төвшинд эзэмших нь энэ тогтолцооны амин сүнс байдагтай холбоотой. АНУ-ын алдартай судлаач Патнам (R.D. Putnam) “боловсролын тэгш бус боломж нь эдийн засгийн алдагдал, ардчиллын тогтолцоонд аюул авч ирдэг” хэмээн тодорхойлсон байдаг. Тиймээс боловсролын тэгш боломжийн тухай асуудал нь нийгмийн тогтолцооны том зурагтай холбоотой асуудал юм. Тэгвэл боловсролын боломжийг тэгш хангахад нөлөөлдөг хэд хэдэн хүчин зүйл байдаг байна. Үүнд нэгдүгээрт систем тогтолцооноос үүдэх хүчин зүйл. Хоёрдугаарт хууль эрх зүй, нийгмийн үзэл санаатай холбоотой хүчин зүйл. Гуравдугаарт гэр бүлийн боломж нөхцөлтэй хамаатай хүчин зүйл. Дөрөвдүгээрт сургуулийн зохион байгуулалт, зааварчилга дэмжлэгтэй хамаатай хүчин зүйл. Тавдугаарт жендерийн асуудал. Үүнээс гадна хотоо хөдөө орон нутаг гэх мэт орон зай нөхцөлийн хүчин зүйлүүд байдаг (Iida& Okamoto 2018: 27–39). Эдгээрээс хэд хэдийг нь задлан авч үзсэний үндсэн дээр, боловсролын тэгш эрх гэж юуг хэлэх, яагаад өнөөгийн нийгэмд чухал шаардлагатай зарчим бэ гэдэг талаар өгүүлье.

Боловсролын тогтолцоонд томоор хоёр ангилал байдаг ба энэ нь хувь хүнийг суулгасан галт тэрэгтэй ижлээр төсөөлж болох бөгөөд “трак” хэмээн нэршсэн. Монголын боловсролын тогтолцоо нь өнөөдөр 6 (зарим нь 7) настайдаа суусан галт тэрэгний зорчигчид 18 нас хүртлээ бараг цөмөөрөө хамтдаа сүүлийн өртөө хүртэл зорчдог тогтолцоо гэж хэлж болно. Европ зэрэг салаалсан тогтолцоотой улсуудтай харилцуулахад, ийм дундаа цусаа сэлбэдэггүй тогтолцоо нь нэлээд өвөрмөц гэж хэлж болох бөгөөд ЗХУ-н тогтолцоог нутагшуулсантай холбоотой. Ер нь дэлхий томоохон улс орнуудын тогтолцоог харвал АНУ болон Японы тогтолцоо нь ①Шулуун шугаман тогтолцоо (single-track system) хэмээх загварт багтдаг бөгөөд энэ нь ерөнхий боловсролын сургуулийг төгсөн төгстлөө чадвар төвшнөөр салаалан хуваарилагддаггүй сургуулийн систем бөгөөд хүн болгонд дээд боловсролд дэвшин суралцах эрхийг эцэс хүртэл нь нээлттэй орхидог тогтолцоо юм. Харин Англи, Герман, Франц гэх мэт улсуудаар төлөөлөгдөх ②Мөчирлөсөн салаа тогтолцоо (multi- track system) нь бага сургууль, дунд сургуулиудыг төгсөх үед шигшин дахин хуваарилалт хийгддэг(шалгалт авж өөр сургуульд хуваарилдаг) тогтолцоо ба бага наснаас нь элит (дээшээ дэвшин сурах) бүлгийг сонгон шигшиж, өндөр төвшинд бэлтгэдгээрээ онцлогтой. Ийнхүү ялгаатай тогтолцооны аль нь ирээдүйн иргэндээ тэгш боломжийг олгодог вэ гэдэг асуултад хариулах нь бараг боломжгүй бөгөөд аль аль тогтолцооны хувьд давуу ба сул талууд улс болгоны хувьд асуудал болон илэрч байдгийг харж болно. Манай улсын хувьд мөн ① дүгээр тогтолцоонд хамрагдана гэж хэлж болох юм. Япон улсын хувьд авч үзвэл, заавал эзэмших ёстой суурь боловсрол дууссаны дараа ахлах сургуулиас техник технологи, худалдаа гэх мэт мэргэшлээрээ салбарладаг хэдий ч эдгээрийн алинд суралцсан ч бай их дээд сургууль руу дэвшин суралцах боломж нь нээлттэй байдаг учир ① дүгээр тогтолцооны сонгодог жишээ гэж хэлж болно. Харин Франц улсын хувьд ахлах сургуулиасаа ямар сургууль, эсвэл лицэй сонгон дэвшсэнээсээ шалтгаалаад дээш дэвшин сурах боломжтой боломжгүй гэж хуваагддаг. Франц болон Герман зэрэг ихэнх Европын улсууд нарийн мэргэжлийн лицэй, ахлах сургуулиуд нь тухай мэргэжлийн нэгдэл (guild)-д элсээд цааш карьерээ хөөгөөд явдаг тул нийгмийн байр суурийн хувьд муудаад байх зүйлгүй.

Хоёр дугаарт хууль эрх зүй болоод нийгмийн үзэл санааны хувьд хэрхэн боловсролыг томьёолсон байх, хир их хэмжээний тэгш бодлоготой гэдгээс бас хувь хүн, иргэдийн боломж нь хамаардаг. Япон улсын үндсэн хуулийн 26-р зүйлийн 1-т “бүх иргэдэд тус бүрийн чадварт нь нийцүүлсэн, эрх тэгш боловсролыг хүртэх эрхтэй” хэмээн заасан зарчим нь тулгуур байдаг ба “иргэдийг чадвараас өөр юугаар ч гадуурхахгүй” хэмээсэн өгүүлбэр ч мөн байна. Өөрөөр хэлбэл хүн бүхэн чадвараар ялгаатай гэдгийг үндсэн хуулиараа хүлээн зөвшөөрсөн байдаг. Гэвч энэ агуулга нь эрх тэгш хэмээх зарчимтайгаа зөрчилдөөнтэй хэмээн шүүмжлэгдэх нь бий. Эрх тэгш атлаа хүн тус бүрт нийцүүлсэн ондоо боловсрол олгох нь үнэхээр боломжтой зүйл үү? гэдэг дилема нь Япон улсаар хязгаарлагдахгүй олон орны хувьд маргааны мөнхийн сэдэв гэдгийг олж харж болно. Харин Монгол улсын үндсэн хуулийн 16-р зүйлд боловсролын тухай ерөнхий зарчимд, иргэн нь “сурч боловсрох эрхтэй. Төрөөс бүх нийтийн ерөнхий боловсролыг төлбөргүй олгоно.” хэмээн тогтоосон байдаг ба харин “эрх тэгш”, “тус бүрийн чадварт нийцүүлнэ” гэх мэт тодотгосон зүйлгүй. Боловсролын хуулийн хувьд мөн адил зорилго нь “эх хэлний чадвартай, биеэ дааж суралцах чадвартай монгол иргэнийг төлөвшүүлэх” гэсэн агуулгаас өөр “эрх тэгш” гэх мэт зарчмыг дурдаагүй байгаагаараа үзэл санаа зарчим үгүйлэгдэж байна. Үүнд Япон улсын тогтолцоо сайн гэж Монголын тогтолцоог шүүмжлэх санаа байхгүй. Харин бид өнөөдөр бүх нийтэд эрх тэгш боловсролыг яагаад олгох ёстой вэ, энэ нь ямар ач холбогдолтой вэ? гэдгийг дахин эргэцүүлэх хэрэгтэй. Ингэснээр жинхэнэ утгаараа иргэддээ боловсролын тэгш боломжийг гартаа атгах замыг бодлогоороо дамжуулан засаж өгөх боломжтой юм.

Гуравдугаар зарчим буюу гэр бүлийн нөхцөл бололцоо бол маш том хүчин зүйлүүдийн нэг мөн боловч, улс орны тогтолцооны хувьд хамгийн том тэгш байдлыг бий болгоход саад болдог бэрхшээлийн нэг мөн. Гэр бүлийн эдийн засгийн бололцоо, гарал угсаа, цаашлаад эцэг эхийн боловсролын төвшин нь үр хүүхдийн боловсролын төвшин, нийгмийн статусыг тодорхойлдог болохыг олон социологийн тоон судалгаагаар илрүүлсэн байдаг. Эмчийн хүүхэд эмч, хуульчийн хүүхэд хуульч болох, эцэг эх нь дээд боловсролтой бол үр хүүхэд нь их дээд сургуульд дэвшсэн байх нь элбэг болохыг тоогоор тогтоогдсон судалгаа маш олон байна. Энэ нь тогтолцоо хэчнээн мерит зарчмаар ажилласан ч гэр бүлийн соёлын капитал (habitus) хэмээх зүйлээр дамжин сургууль цаашлаад шалгалтад амжилт гаргах магадлал өндөр болдог хэмээдэг байна. Энэ нь ертөнцийг үзэх үзэл, үнэ цэнэ гэх мэт зүйлтэй хамаатай. Эдгээр гэр бүлийн хүчин зүйл бол тухайн улс орон нийтээрээ боловсролын төвшин дээшлэх зэргийн урт хугацааны үр дүнд бас нөлөөлдөг. Гэсэн хэдий ч гэр бүлийн соёлын ялгаа нь тэгш тогтолцоог бүрдүүлэхэд хамгийн том бэрхшээлтэй хүчин зүйл яах аргагүй мөн. Сүүлийн жендер болоод орон зайн хүчин зүйл бол Монголын хувьд бас хот хөдөөгийн ялгаа, эр эмийн боловсролын зэргийн ялгаа зэрэгт тодоор илэрсэн байдаг. Жендерийн ялгаа нь Монголд бусад улсаас нэлээн том ялгаатай эсрэг үр дүн харуулах магадлалтай байдгийг ойрын ирээдүйд судалгаагаар батлан гаргавал их сонирхолтой үр дүн гарах болов уу.

Эцэст нь боловсролын тэгш боломж гэдэг нь зөвхөн сургуульд хамрагдах тухай бус түүний агуулга, тогтолцооны баталгаагаар хувь хүнд боломжийг нээлттэй байлгах баталгааны тухай асуудал гэдгийг энд тодотгох нь чухал байх. Ямар гарал угсаа, хүйс харъялалтай байв ч чадвартай байгаад, хичээж зүтгэхэд тэр хирээр боловсролын төвшинд хүрэх боломж хүн бүхэнд нээлттэй байгаа гэдэг баталгаа өгдөг тогтолцоо юу үгүй юу? гэдэг дээр хамгийн том ялгаа гарч ирэх ёстой. Үүнд сургуулийн төвшин ахих тусам шигшилт сонгон шалгаруулалт хийдэг шалгалтууд маш том үүрэг гүйцэтгэдэг. Өөрөөр хэлбэл Монголын хувьд ЭЕШ нь тухайн хүнийг нийгмийн хаана хуваарилах вэ, өөрөөр хэлбэл нийгмийн байр суурийг шийдвэрлэдэг хуваарилалтын функцийг гүйцэтгэдэг хамгийн том институт юм. Социологийн салбарт сургуулийн боловсрол нь хүүхдийг 1. Нийгэмшүүлэх(socialization), 2. Шигшин сонгох(selection), 3. Хуваарилах(allocation) гэсэн үндсэн гурван функцтэй гэж үздэг. Тэр дундаа суурь, ерөнхий боловсролын төгсгөлийн болоод их дээд сургуулийн элсэлтийн шалгалт нь чадвартайг сонгон шигших, нийгэмд хуваарилах үүргийн ихэнхийг гүйцэтгэдэг. Тэгш боловсрол цаашлаад боломжийг ярих үед, энэхүү хүний амьдралын чухал шигшин сонголт, хуваарилалтын тухай авч үзэх, хэрхэн хүн бүрд боломжийн нээлттэй байдлыг хадгалсан тогтолцоо байж чадаж байгааг дүгнэж үзэх хэрэгтэй юм. Мөн хүн бүхэн өөр өөр чадвартай гэдгийг хүлээн зөвшөөрөвч, хүн болгоны тэгш боломжийг хаадаггүй тогтолцооны загварчлалыг гаргахад яах аргагүй боловсролын тогтолцоо, трак-ны загвар, шалгалтын тогтолцоо чухал гэдэг олон орны жишээнээс сургамж авч болно. Мөн цаашлаад чадварын ялгаанд зөв нийцүүлж үйлчилж чаддаг боловсролын тогтолцоог бий болгохын тулд ахлах сургууль цаашлаад суурь боловсролын төвшинд элсэлтийн шалгалт бий болгох, салаа мөчирлөсөн тогтолцооноос санаа авах нь бас нэг гарц. Монголын хувьд ахлах сургуулиа төгсөх хүртэл ийнхүү чадварт нь тулгуурласан дахин хуваарилалт огт байдаггүй нь, сургуулийн гадаа өөр хэлбэрийн өрсөлдөөнийг бий болгож байгаа ба нэг жишээ нь дүүрэг, хот улсын олимпиадууд гэж хэлж болно. Чадварт суурилсан хүн болгонд тэгш боломжийг нээлттэй хадгалах тогтолцоог бүрдүүлж чадвал Патнамын хэлсэнчлэн эдийн засаг, цаашлаад ардчиллын тогтолцоог бэхжүүлэх алсын үр дагаврыг авч ирэхэд чухал ач холбогдолтой юм.

--

--

Suurig
Suurig

Written by Suurig

PhD student @Nagoya University / Educational sociology & curriculum

No responses yet